
Монгол Улс шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсны 34 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас Үндсэн хуулиа дээдлэх, мөн чанарыг эргэн сануулах, үндсэн хуульт ёс, нийгмийн үнэт зүйлийн талаарх мэдлэг ойлголтыг сэргээх зорилгоор холбогдох арга хэмжээнүүдийг шат дараатайгаар зохион байгуулсан юм.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын албан хаагч С.Анужин, Т.Нарандэлгэр, М.Бямбасүрэн нар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн Тамгын газрын урилгаар тус шүүхийн шүүгч, Хууль зүйн доктор Ц.Цогт Үндсэн хуулийн “цөм”, тогтолцоо, хяналт, хэрэгжилтийн талаар хүндэтгэлийн лекц танилцуулсан юм.
Мөн Тамгын газрын албан хаагчдын дунд Үндсэн хуулиа хүндэтгэх, бахархах ухамсрыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн өдрөө тэмдэглэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа.
Арга хэмжээний төгсгөлд Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэж ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлага, ёс зүйтэй гүйцэтгэхийг захиж, амжилт хүсэж үг хэлэв.

