Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 46 дугаар зарлигаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбаршаг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдуулан түүнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Баян-Өлгий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, З.Гүлбарша шүүгчийн гэр бүл, төрөл садан, найз нөхөд оролцож, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр эхэлсэн ёслолын арга хэмжээнд Шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсны дараа Ерөнхий шүүгч З.Гүлбаршад шүүгчийн өмсгөлийг дурсгал болгон хадгалуулахаар гардуулав.
Шүүхийн хамт олныг төлөөлж Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч С.Еркеш, Б.Мангилик нар үг хэлж, баяр хүргэж, ахмад шүүгч З.Гүлбарша хамт олондоо хандаж дурсамж, сэтгэгдлээ хуваалцан, талархлаа илэрхийлснээр дурсгалын зүйл гардуулж, ёслолын арга хэмжээ өндөрлөлөө.
З.Гүлбарша нь хөдөлмөрийн гараагаа 1991 оноос Баян-Өлгий аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга, орчуулагчаас эхэлж, 1993-1996 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгчөөр, 1996-2003 онд Баян-Өлгий аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар тус тус ажилласан, 2004-2014 онд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгч, 2014 оноос 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл тус шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллан улсад 36 жил, үүнээс шүүхийн байгууллагад 24 жил, шүүгчээр 23 дахь жилдээ, Ерөнхий шүүгчээр 13 дахь жилдээ шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалж, шүүх, шүүгчийн нэр хүнд, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй шүүгч багшаар ажиллаж, олон залуу шүүгчдийг бэлтгэсэн багш хүн юм.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгож, гавьяаныхаа амралтад гарсан ахмад шүүгч З.Гүлбаршад баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх орон, шударга ёсны төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.


БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН
2026.03.16