2025 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгээс зохион байгуулсан “Ногоон санаачилга–2025” туршлага судалгааны өдөрлөгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн “Ахмадын салбар зөвлөл”-ийн ахмад гишүүд болох Л. Оюунчимэг, Х. Алтанцэцэг, П. Батбаатар, Ж. Нарантуяа, Г. Нарантуяа, Н. Чулуунбаатар нар урилгаар амжилттай оролцлоо.
Тус өдөрлөгийн хүрээнд дараах олон улсын мэргэжилтнүүд урилгаар оролцож, мэргэжлийн сургалт, дадлагажуулалт зохион байгуулсан. Үүнд:
• Япон Улсаас Монгол Улсад суугаа Соёлын элч хатагтай Сато Норико;
• Японы Хоккайдо мужийн ой судлаач, доктор Сато Такао;
• ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийн Ботаникийн хүрээлэнгийн дарга С.В. Сизых;
• Тус сургуулийн Биологи, хөрс судлалын факультетийн Ботаникийн цэцэрлэгийн агрономич Т.Л. Якушева нар оролцсон болно.
Сургалтаар дараах сэдвүүдийг хамарсан үр өгөөжтэй хичээлүүдийг явуулсан. Үүнд:
• Ногоон байгууламжийг хэрхэн төлөвлөх, бүтээн байгуулах тухай;
• Модлог болон бутлаг ургамлын таримлын арга зүй;
• Мод сөөгийг олноор тарьж ургуулах арга, туршлага;
• Тасалгааны болон нэг наст цэцэгсийг үржүүлэх, арчлах аргачлал;
• Ногоон байгууламжид тохирох ургамлын төрөл зүйл сонгох арга;
• Зүлэг тарих, тарьц суулгац бэлтгэх, хадгалах, арчлах технологи гэх мэт.
Сургалтын дараа багш нар өөрсдийн авч ирсэн модлог ургамал, Сакура цэцгийн суулгацыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ахмад гишүүдтэй хамт тарьж, дадлага хийлгэв. Мөн Япон багш нар сургалтад оролцогч ахмадуудад Монгол орны хөрсөнд дасан зохицох чадвартай Сакура цэцгийн үрийг гардуулан өгсөн бөгөөд ахмад гишүүд уг үрийг өөрийн хашаа, эзэмшлийн талбайд тарьж, үргэлжлүүлэн арчлах хүсэл, урам зоригтойгоор арга хэмжээг өндөрлүүллээ.
Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн “Ногоон санаачилга–2025” арга хэмжээ үр дүнтэй, мэдлэг олгосон, хамтын ажиллагааг өргөжүүлсэн онцгой үйл явдал болж өндөрлөсөн бөгөөд оролцсон ахмад гишүүд олон шинэ санаа, туршлага, мэдлэг мэдээлэлтэй болж, байгаль орчны үйлсэд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй болсон юм.
Мөн энэхүү арга хэмжээнд идэвх санаачилгатайгаар оролцсон ахмад гишүүдийн оролцоог Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн Захиргаанаас өндрөөр үнэлж, “Батламж” гардуулсан нь цаашдын үйл ажиллагаанд нь итгэл, урам зориг өгсөн чухал урамшуулал болсон болно.
Тус арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт ахмад гишүүддээ талархал илэрхийлж, цаашид байгаль орчны хамгаалал, ногоон байгууламжийг дэмжих санаачилгад манлайлан оролцохыг хүсэн ерөөе.