АХМАДЫН БАЯРЫГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ


Хуваалцах


Дорнод аймгийн Шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлөөс Ахмадын баяр, Ахмадын өдрийг тохиолдуулан ахмад үеэ хүндэтгэх, тэдний хөдөлмөр зүтгэл, үнэтэй туршлагыг залуу үед өвлүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Шүүхийн Тамгын газраас нийт ахмадуудаа хүндэтгэн Оргил зоогийн газар-т хүлээн авч, хүндэтгэлийн зоог барин, гарын бэлэг гардууллаа. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхий шүүгчид, шүүгчид болон Шүүхийн Тамгын газрын төлөөлөл хүрэлцэн ирж, ахмад буурлууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Ахмадын салбар зөвлөлөөс оролцогчдын дунд монголчуудын уламжлалт тоглоомын нэг болох “Дөрвөн бэрх” буулгах тэмцээнийг бооцоотойгоор зохион байгуулсан бөгөөд ахмад шүүгч Б.Энхбаатар дөрвөн бэрхийг ганцаараа буулган аз түшиж, тэмцээний бооцооны мөнгөн шагналыг гардан авсан нь арга хэмжээнд хөгжилтэй, дурсамжтай мөчийг нэмлээ.

Мөн Шүүхийн Тамгын газраас нийт ахмад ажилтан, шүүгчдэдээ тус бүр 250,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг дансаар нь шилжүүлэн, ахмад үеэ хүндэтгэн дэмжиж буйгаа бодит үйл хэрэг болгон илэрхийллээ.

Түүнчлэн 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Тамгын газрын Шуурхай зөвлөгөөний дараа “Эргэх холбоо” ажлын хүрээнд “Шүүхийн ахмад үе, өнөөгийн залгамж халаа” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад ахмад ажилтан Г.Адъяасүрэн оролцож, шүүхийн байгууллагад ажиллаж байсан он жилүүдийнхээ баялаг туршлага, ажил мэргэжлийн үнэ цэнэ, хамт олны харилцаа, ёс зүй, хариуцлагын талаар нийт ажилтнуудтай халуун дотно яриа өрнүүлэв. Мөн ажилтан, албан хаагчдын сонирхсон асуултад хариулж, өөрийн туулж өнгөрүүлсэн ажил амьдралын туршлагадаа тулгуурлан залуу үеийнхэнд үнэтэй зөвлөгөө, сургамжийг өгсөн нь уулзалтыг өгөөжтэй, үр дүнтэй болголоо.

Эдгээр арга хэмжээ нь ахмад үеийнхний хөдөлмөр, зүтгэлийг хүндэтгэн дээдлэхийн зэрэгцээ тэдний мэдлэг, туршлага, үнэт зүйлсийг өнөөгийн залуу үе, ажилтан албан хаагчдад өвлүүлэн уламжлуулах, үе үеийн шүүхийн ажилтнуудын залгамж холбоог бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Арга хэмжээний үеэр ахмад буурлууд маань биднийг үргэлж дэмжиж, хамт олныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, анхаарал халамж тавин ажилладаг Дорнод аймгийн Шүүхийн Тамгын газрын удирдлага, нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Ахмад үеийнхнийхээ үнэтэй сургаал, арвин туршлагыг хүндэтгэн дээдэлж, залуу үедээ өвлүүлэн уламжлуулах нь бидний эрхэм үүрэг билээ.

ДОРНОД АЙМГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН
ДЭРГЭДЭХ АХМАДЫН САЛБАР ЗӨВЛӨЛ


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол