Шүүхийн ахмадуудын холбооны Удирдах зөвлөлийн 2025 оны А/10 дугаар тогтоолоор батлагдсан бүсийн уулзалт, тэмцээн зохион байгуулах удирдамжийн дагуу Нийслэлийн бүсийн уулзалт, нөхөрсөг тэмцээн 2026 оны 6 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд Баяндөхөм дэх Шүүхийн сургалтын төвд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Л.Оюунчимэг, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Д.Наранцэцэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Ё.Цогтзандан нар удирдан зохион байгуулж, арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалтыг өндөр түвшинд ханган ажилласнаар оролцогчдын талархлыг хүлээлээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцогч багууд ижил хувцас өмсөн, багийн туг, таних тэмдгээрээ жигдэрч жагссан нь арга хэмжээний уур амьсгалыг өргөж, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэлгэдсэн онцлох үйл явдал болов.
Тус тэмцээнд Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зэрэг нийслэлийн 8 шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн 60 гаруй гишүүд оролцож, шатар, даам, хөзөр, аахаа зэрэг төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний төрөл тус бүрийн аваргууд тодорч:
- Шатрын төрөлд Цогбадрах /НДЗШШ/тэргүүн байр,
- Даамын төрөлд Дүгэрсүрэн /НДЗШШ/тэргүүн байр,
- БатЭрдэнэ /НДЗШШ/ дэд байр
- Хөзрийн төрөлд Давга, Сарантуяа, Доржханд, Бат-Эрдэнэ /НДЗШШ/ нар тэргүүн байрыг тус тус эзэллээ.
Багийн нийлбэр дүнгээр Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөл тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, мөнгөн шагналын эзэн боллоо.
Нийслэлийн бүсийн энэхүү уулзалт, тэмцээн нь ахмад шүүгчид, шүүхийн байгууллагын ахмад ажилтнуудын харилцаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Мөн ахмад үеийнхний бие бялдар, оюун санааны идэвхийг дэмжих, эрүүл аж төрөх хэв маягийг төлөвшүүлэх, байгууллагын соёл, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан арга хэмжээ болсон юм.
Анх удаа зохион байгуулагдсан энэхүү тэмцээн нь нийслэл дэх шүүхүүдийн ахмадын зөвлөлүүдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, цаашид уламжлал болгон зохион байгуулах үндэс суурийг тавьсан онцлогтой арга хэмжээ болж өндөрлөлөө. Ирэх жилийн тэмцээнийг Нийслэлийн ЭХДЗШШүүх. Нийслэлийн ИХДЗШШүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дэргэдэх АСЗөвлөлүүд зохион байгуулхаар шийдвэрлэлээ
Сайн үйлс бүхэн тань дэлгэрч,
Саруул сайхан ирээдүй тань үргэлж гэрэлтэж байх болтугай.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе































Нийслэлийн ИХДЗШШүүхийн АСЗ ийн тэргүүн Ч.Оюунцэцэг.