Завхан аймгийн шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн, тамгын газрын дарга асан Д.Энхжаргал тэтгэвэрт гарснаасаа хойш байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байна. Тэрбээр Завхан аймгийн төвөөс 7 км зайд орших “Морин туурайн хясаа” хэмээх газарт 20 га газрыг эзэмшин авч, өөрийн хөрөнгөөр хашаа барин, гэр бүл болох Одончимэг болон үр хүүхдүүдийн хамтаар 10 дахь жилдээ мод тарьж, арчилан ургуулж байна.
Тус газар одоогийн байдлаар шинэс, бургас, улиас, чацаргана, үхрийн нүд зэрэг олон төрлийн жимс, модод нийлсэн арван мянга гаруй мод ургаж байгаа бөгөөд арчилгаа, усалгаа тогтмол хийгдэж байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд Завхан аймгийн шүүхийн ахмад ажилтнууд сайн дурын үндсэн дээр энэхүү ажилд идэвхтэй оролцож, жил бүр 50-80 ширхэг мод тарьсаар ирсэн. Тухайлбал, ахмад Нацагдорж, Бадамдорж нар мод тарих үйлсэд манлайлан оролцож, бусдыгаа уриалан дуудаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг идэвхтэй дэмжин, уг талбайг “Ахмадуудын цэцэрлэгт хүрээлэн” болгон өргөжүүлж, иргэдийн амарч тухлах, байгальтай харилцах ногоон орчныг бий болгох зорилт тавин ажиллаж байна.
Завхан аймгийн шүүхийн АСЗөвлөл.