Монгол Улсын дээд шүүхээс XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтан ахмадуудаа 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, доктор Ч.Хосбаяр тэргүүтэй шүүгчид, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн академийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг болон хэлтэс, албадын зарим удирдлага, албан хаагчид оролцов.
Үйл ажиллагааг нээж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч, доктор Ч.Хосбаяр хэлсэн үгэндээ "Улсын дээд шүүхээс ахмадуудаа тогтмол хүлээн авч хэвшсэн бөгөөд Ахмадын зөвлөлтэйгөө хамтран Түргэний цэцэрлэгт хүрээлэнд 1000 хайлаас, 40 гацуур мод тарьсан нь 2026 оны хамтран хийсэн онцлох ажил байсан. Шүүхийн үзүүлэнгийн танхимыг тохижуулах, түүхэн ач холбогдолтой баримт, эд өлгийн зүйлсээр баяжуулахад та бүхний оролцоо чухал байна" гэв.
Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Модон могой жил Улсын дээд шүүх амжилт бүтээл дүүрэн байлаа. Тухайлбал, Монгол Улсын дээд шүүх төв талбайн баруун талд нүүн ирж, шударга үнэний алтан соёмбот дэнсээ өндөрт өргөж, босоо Монгол бичгээр хаягаа байршууллаа. Шүүх хуралдааны танхимаа орчин үеийн минимал хэв маяг, технологийн дэвшилтэй хослуулан тохижуулж, иргэдэд үйлчлэх ээлтэй орчныг бүрдүүлээд байна. Ирж буй гал морин жил Монгол Улсын дээд шүүхийн 100 жилийн ой тохионо. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан шүүх эрх мэдлийн салбарын он цагийн хэлхээ, хөгжил, тогтолцооны шинэтгэл, ирээдүйн чиг хандлагыг тусгасан ном, баримтат кино зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Иймд, шүүхийн хөгжлийг түүчээлж ирсэн ахмадууд та бүхний үнэтэй зөвлөгөө, идэвх оролцоо ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Арга хэмжээний үеэр ахмадууд шүүх хуралдааны танхимууд болон шууд дамжуулалтын өрөө, үзмэрийн танхим, номын сангаар зочилсон юм.
Энэ үеэр зөвлөлийн дарга А.Доржготов “Улсын дээд шүүх байраа сольж, ажиллах орчин нөхцөлөө сайжруулж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлжээ. Тэр тундаа, хууль эрх зүй, шүүхийн салбарын охь болсон гадаадын болон дотоодын ном товхимол, эрдэм шинжилгээний бүтээлүүдээс бүрдсэн хууль тогтоомжийн хөгжлийг шинжлэн судлах, харьцуулсан судалгаа хийхэд чухал эх сурвалж болохуйц номын сантай болсон нь сайшаалтай байна. Ахмадууд та бүхэн өөрсдийн бүтээлээс хандивлаж, номын сангийн сан хөмрөгийг арвижуулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
Түүнчлэн шүүх эрх мэдлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудын төлөөлөл болох С.Эрдэнэчимэг, Ж.Тэгшдэлгэр, Ш.Даваадулам, Ц.Цэцэгсүрэн нарыг Улсын дээд шүүхийн хүндэт тэмдгээр шагнасныг гардуулсан бөгөөд Ахмадын зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Тамгын газарт дурсгалын зүйл бэлэглэлээ.

