Говь-Алтай аймгийн шүүхийн түүхийг бүтээлцэж, шүүхийнхээ нэрийг эрхэмлэн зүтгэж явсан ахмадууд шүүхийн байранд зочлон ирж, ярилцсан уулзалт өнөөдөр /2026.03.20/ боллоо.
Тус уулзалтыг Шүүхийн ахмадуудын холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан ба “Ном уншихын ач холбогдол, үр дүн” сэдвийн хүрээнд ахмад шүүгч Ц.Нанжидыг урьж, оролцуулсан юм.
Ахмад шүүгч Ц.Нанжид нь өндөр насны тэтгэвэрт гарсанаас хойш Аймгийн төв номын сангаар үйлчлүүлэн ном уншиж байгаа ба жилд дунджаар 120 ном уншдаг, 2023 оны Говь-Алтай аймгийн “Шилдэг уншигч”-аар шалгарч байсан байна.
Тэрээр голчлон түүхэн сэдэвт ном уншдаг талаар хуучилж, өөрийн уншсан түүхэн сэдэвт номууд, Монгол улсын түүхэнд эх орныхоо төлөө тэмцэгч баатруудын ард хатад ямар үүрэг гүйцэтгэж байсан зэрэг сонирхолтой яриа өрнүүлж, шүүхийн түүхийн талаар шүүгч, ажилтнуудад мэдээлэл хүргэлээ.
Тэрээр “…Ном уншсаны ач холбогдол олон. Хамгийн гол нь тархинд тэжээл өгдөг, ном бол ертөнцийг харах цонх юм.” хэмээн онцолсон юм.
Мөн ахмад шүүгч, салбар зөвлөлийн тэргүүн Д.Сарантуяа, ахмад шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд, ахмад ажилтан Д.Чанцал нар хүрэлцэн ирж, хамт олондоо өөрсдийн ажил, амьдралын түүхэн замналыг хүүрнэн өгүүлж, сэтгэлийнхээ сайхан үгсийг хэлсэн юм.
Ахмад шүүгч, ажилтнуудын зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026.03.12-ны өдрийн 45 дугаар тогтоолоор шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд томилогдон, ажлаа хүлээн авсан Д.Отгонбаяр даргад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Уулзалтын төгсгөлд шүүхийн Тамгын газрын дарга Д.Отгонбаяр уулзалтад хүрэлцэн ирж, үнэтэй мэдээлэл хүргэн, шүүхийн түүхийг хуваалцаж уулзсан ахмад шүүгч, ажилтнууддаа талархал илэрхийлснээр уулзалт амжилттай болж өндөрлөлөө.







ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
ШҮҮХИЙН АХМАДУУДЫН ХОЛБООНЫ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ